Осип Мандельштам
Осип Эмильевич Манделстам (1891 оны 1-р сарын 2-нд Варшав хотод төрсөн- 1938 оны 12-р сарын 27-д Владивосток орчим) - Еврей гаралтай, орос хэлээр уран бүтээлээ туурвисан яруу найрагч, зохиол, орчуулагч, эссеч, утга зохиолын шүүмжлэгч. 20-р зууны Оросын хамгийн том яруу найрагчдын нэг гэж үздэг.
Тэрээр И.Сталины хэлмэгдүүлэлтэд өртсөн бөгөөд түүнийг нас барсны дараа "гэмт хэргийн нотлох баримт байхгүй тул" 1938 оны хэргийг 1956 онд, 1934 оны хэргийг 1987 онд цагаатгажээ. Түүний булш өнөөг хүртэл хаана байгааг тодорхойлж чадаагүй байна.
Намтар
[засварлах | кодоор засварлах]1891 оны 1-р сарын 2-нд Варшав хотод еврей гэр бүлд төрсөн. Эцэг Эмили Вениаминович (мөн Эмил, Хаскл, Хацкел Бениаминович гэдэг байсан) Мандельштам (1856-1938) Вильна мужийн (өнөөгийн Литва, Беларусь улсын умард хэсгийн газар нутаг) Жагаре (литв. Žagarė) хотын уугуул, гарын бээлий урладаг мастер байсан бөгөөд тэрээр худалдаачдын холбооны анхны гишүүн байсан тул еврей гаралтай хэдий ч нутаг заасан хүрээнээс гадуур амьдрах эрхтэй байжээ. Эх Флора Овсеевна Вербловская (1866-1916) Вильна буюу өнөөгийн Вильнюс хотоос гаралтай хөгжимчин байсан. 1896 онд гэр бүлээрээ Ковно буюу өнөөгийн Каунас хотод бүртгэлтэй байгаад 1897 онд Осип хүүг 6 настай байхад Санкт-Петербург руу нүүжээ.
Тэрээр 20-р зууны эхээр Оросын "соёлын боловсон хүчний" уурхай болох Тенишевскийн сургуульд сурч 1907 онд төгсөөд дунд боловсрол эзэмшсэн. 1907 оны 8-р сард Санкт-Петербургийн Их Сургуулийн Физик-математикийн факультетын байгалийн тэнхимд сайн дурын оюутнаар элсэх хүсэлт гаргасан боловч тэрээр удалгүй бичиг баримтаа буцааж аваад 10-р сард Парис хотыг зорьжээ. 1908-1910 онд Сорбонны болон Хайделбергийн их сургуульд суралцсан. Сорбоннад тэрээр Францын коллежид (франц. le Collège de France) францын гүн ухааны Энри Бергсон, Жозэф Бедье нарын лекцийг сонсдог байжээ. Тэрээр энэ үеэр Николай Гумилёвтой танилцаж, Францын яруу найргийг сонирхож эхлээд францын эртний туульс туурвигч Франсуа Вийон (франц. François Villon), Шарль Бодлер (франц. Charles Pierre Baudelaire), Поль Верлен (франц. Paul Marie Verlaine, 1844 —1896) нарын бүтээлийг шимтэн уншдаг байв.
Гадаадад байхын завсараар Санкт-Петербургт ирж оросын яруу найрагч, орчуулагч, гүн ухаантан Вячеслав Ивановын “цамхаг” хэмээх яруу найраг бичэх аргын тухай лекц сонсдог байжээ.
1911 он гэхэд түүний гэр бүлийн санхүүгийн байдал хүндэрч Европт суралцах боломжгүй болсон тул 1911 оны 9-р сарын 11-нд Орост ирж Петербургийн их сургуулийн Түүх филологийн факультетын роман-герман тэнхимд элсэн орж 1917 он хүртэл дундаа завсарлагаантай тун хайхрамжгүй суралцсан тул хичээлээ дуусгаж диплом авч чадаагүй байна.
1911 онд тэрээр Анна Ахматоватай танилцаж Н.Гумилёвынд хааяа зочилдог болжээ.
Түүний бүтээлийг анх "Аполлон" сэтгүүлийн 1910 оны № 9 хэвлэж, мөн "Гиперборэй", "Новый Сатирикон" болон бусад сэтгүүлд хэвлэгдсэн байна. 1911 оны 11-р сараас тэрээр яруу найрагчдын зөвлөгөөний хуралд тогтмол оролцдог болж 1912 онд Александр Блоктой танилцжээ. Мөн оны сүүлээр тэрээр Акмейст бүлэгт (Анна Ахматова, Николай Гумилёв) элсэж тэдэнтэй нөхөрлөснөө амьдралынхаа гол амжилтуудын нэг гэж үздэг байсан юм.
Энэ үеийн яруу найргийн эрэл хайгуулыг "Чулуун" яруу найргийн дебют номд тусгасан болно (гурван агуулга өөр хэвлэл: 1913, 1916, 1923). Тэрээр яруу найргийн амьдралын төвд байж, олны өмнө байнга шүлэг уншиж, золбин нохойд зочилж, футуризмтай танилцаж, Бенедикт Лившицтэй ойр дотно болсон.
1915 онд тэрээр Анастасия болон Марина Цветаева нартай танилцаж Маринатай 1916 онд ойр дотно харилццатай болжээ.
Зөвлөлт Орост
[засварлах | кодоор засварлах]1919 онд Киевт тэрээр ирээдүйн эхнэр болох Надежда Яковлевна Хазинатай танилцжээ. Оросын Иргэний дайны үеэр тэрээр эхнэртэйгээ Орос, Украин, Гүрж зэрэг орноор тэнүүчилж яваад Крымд цагаан оросуудад баривчлагджээ. Түүнд цагаантнуудтай нийлж Крымээс Турк руу дүрвэх боломж байсан ч Зөвлөлт Орост үлдэхээр шийджээ. Гүржид Меньшевикийн засгийн газрынхан түүнийг цагаантан хэмээн баривчилж, Тифлис хотын дарга Бения Чхиквишвилигийн тушаалаар сулласан юм. Энэ үеэр зохиолч Борис Пастернактай танилцсан байна. Энэ үеийн Мандельштамыг оросын зохиолч, яруу найргийн орчуулагч Николай Чуковский (Корней Чуковскийн хүү)- "...тэрээр дунд зэргийн нуруутай, турханхай боловч чийрэг биетэй, шөвгөрдүү царайтай, зөөлөн нүдтэй хүн байсан. Мэдэгдэхүйц халзарч эхэлж байгаадаа санаа зовж буй болотой байсан …" гэж тодорхойлж байжээ.
1922 оны 3-р сарын 9-нд Киев хотод Надежда Хазина, Осип Мандельштам нар гэрлэлтээ бүртгүүлэв.
1930-аад оны эхээр Манделштамын яруу найргийн авьяас, нэр алдар дээд цэгтээ хүрсэн. Түүний нэрийг Большевикуудын Бүх Холбооны Коммунист Намын Төв Хорооны Улс төрийн товчооны соёл хариуцсан Лазарь Каганович 1932 оны 4-р сард эмхэтгэн Сталинд илгээсэн Зөвлөлтийн нэрт зохиолчдын жагсаалтад оруулсан байдаг.
1933 оны 11-р сард Осип Манделштам Сталины эсрэг "Бид улс орноо мэдрэхгүйгээр амьдраад байна" /орос. «Мы живём, под собою не чуя страны»/ гэсэн шүлэг бичиж, цөөхөн хэдэн хүнд уншиж өгчээ. Борис Пастернак энэ шүлгийг сонсоод энэ бол яруу найрагт огт хамаагүй зүйл, харин амиа хорлох үйлдэл тул хэнд ч битгий үзүүлээрэй гэж хэлж байжээ.
1934 оны 5-р сарын 16-17-нд шилжих шөнө утга зохиолын хүрээний үл мэдэгдэх нууц мэдээлэгчийн матаасаар Манделштамыг баривчилжээ. “Баривчлах тушаалд Ягода өөрөө гарын үсэг зурсан байв. Нэгжлэг шөнөжин үргэлжилсэн. Тэд шүлэг, гар бичмэлүүд хайж байсан гэж Анна Ахматова сүүлд дурссан байдаг. Удалгүй 5-р сарын 26-нд яруу найрагч Чердын (Пермь муж) хотод гурван жилийн цөллөгт явах ял сонсчээ. Цөллөгт Осип Мандельштамыг эхнэр Надежда Яковлевна дагалдаж байна. Хосууд 6-р сарын 3-нд Чердын хотод ирж, түр суурьшсан эмнэлэгт сэтгэл нь уймарсан Мандельштам цонхоор үсэрч амиа хорлохыг оролдсон байна. Сарын дараа тэдэнд өөр хот суурин сонгохыг зөвшөөрч, Воронеж хот руу шилжүүлжээ.
1937 оны 5-р сард цөллөгийн хугацаа дуусаж яруу найрагч гэргийн хамт Воронеж хотыг орхин Москва руу буцжээ.
Жилийн дараа, 1938 оны 5-р сарын 1-ээс 2-нд шилжих шөнө Осип Эмильевичийг Москва орчмын сувилалд байхад нь хоёр дахь удаагаа баривчилаад авч явжээ. Надежда Манделштамд нөхрөө үдэхийг зөвшөөрөөгүй бөгөөд тэр түүнийг дахиж хэзээ ч хараагүй байна. Тэндээс Мандельштамыг НКВД-ын дотоод шоронд хүргээд удалгүй Бутырка шоронд шилжүүлсэн байна. Улмаар мөн оны 8-р сарын 2-нд ЗХУ-ын НКВД-ын ээлжит бус хурлаар Манделштамыг албадан хөдөлмөрийн лагерьт таван жил хорих ял оноожээ.
1937 оны 9-р сарын 8-нд түүнийг Алс Дорнод руу хоригдол зөөх галт тэргээр сар гаруй авч яваад 10-р арын 12-нд "Владперпункт" хэмээх Владивосток хот орчмын хоригдлууд дамжих өнгөрүүлэх цэгт хүргэсэн байна. Тэндээс тэр амьдралынхаа сүүлчийн захидлыг ах, эхнэр хоёртоо илгээж байжээ. 1938 оны 12-р сарын 27-нд Осип Мандельштам тэнд зүрх нь зогсож нас баржээ.